The Universal House of Justice
Ridván 2012
To the Bahá’ís of the World
Dearly loved Friends,
Одоогоос зуун жилийн өмнө Ризваны 11 дэх өдрийн үдийн хойно Чикаго хотоос хойд зүгт орших Гросс-Пойнт дахь Мөргөлийн ордон баригдах газрын хөрсийг Абдул-Баха тэнд цугласан хэдэн зуун хүмүүсийн өмнө сүхээр цохин хөндсөн билээ. Тэрхүү хаврын өдөр Түүний хамт газар хөндөхөөр уригдагсдын дотор норвеги, энэтхэг, франц, япон, перс хүмүүс, Америкийн уугуул иргэд зэрэг олон үндэстний төлөөлөл байсан юм . Ингэснээр баригдаж амжаагүй байхдаа ч Мөргөлийн Ордон нь “хүн төрөлхтөн уулзан учрах газартай болж”, “түүний өргөн уудам ариун өргөөнөөс хүн төрөлхтний нэг нэгдмэл байдлын тухай тунхаг түгэн тархаасай” хэмээн ийм байгууламжийн талаар хайрт Багш энэхүү ёслолын өмнөх орой илэрхийлж асан тэрхүү хүслийг биелүүлсэн мэт байлаа.
Тэрхүү үйл явдалд оролцогсод болон Египет ба Өрнөдөд хийсэн айлчлалынх нь үеэр Түүний айлдварыг сонссон бүх хүмүүс Түүний хэлсэн үгс нь нийгэм болон түүний үнэт зүйлс ба тулгамдсан асуудлуудад хичнээн гүн гүнзгий үр дагавартай болохыг дөнгөн данган л гадарлаж байсан буй заа. Өнөөдөр ч гэсэн Бахауллагийн Үүдэл нээлтийн нөлөөгөөр бий болох заяатай тэрхүү ирээдүйн нийгмийн талаар алс холын бүрхэг бүдэгхэн дохиоллоос илүү тод төсөөллийг харсан гэж хэлж чадах хүн бий гэж үү? Тэнгэрлэг сургаалуудын хүчээр хүн төрөлхтний хүрч очих тэрхүү соёл иргэншил нь өнөөгийн тогтолцоонд засвар өөрчлөлт хийсэн төдий зүйл байх юм гэж хэн ч бүү эндүүрэг. Огтхон ч үгүй. Өрнөдийн Эх Мөргөлийн ордоны тулгын чулууг тавьснаас хэд хоногийн дараа хэлсэн айлдвартаа Абдул-Баха: “Оюун санааны хүчнүүдийн илрэлээр гарах үр дүнгийн нэг нь хүмүүний ертөнц нийгмийн шинэ загварт дасан зохицох болно”, мөн “Бурханы шударга ёс нь хүмүний бүхий л ажил хэрэгт тусгалаа олно” хэмээн дурьдсан байдаг. Хайрт Багшийн хийсэн аяллын зуун жилийн ойг тэмдэглэж буй энэхүү цаг үеийн туршид Бахайн нийгэмлэг даяараа ахин дахин эргэн харж судалсаар байгаа Түүний эдгээр болон бусад тоо томшгүй айлдварууд нь нийгмийн өнөөгийн зохион байгуулалт болон Түүний Эцэгийн дэлхий ертөнцөд бэлэглэсэн аугаа зөн харааны хооронд хичнээн хол зай байгааг ухамсруулж байгаа билээ.
Гэхдээ газар сайгүй сайн санаат хүмүүс нийгмийн нөхцөл байдлыг сайжруулахын төлөө сайшаалтай хүчин чармайлт гаргаж байгаа боловч ийм зөн харааг амьдралд хэрэгжүүлэхэд учирч буй саад тотгорууд олон хүнд давж гарахын аргагүй мэт санагдаж байгаа нь тоогүй. Тэдний итгэл найдвар нь хүний мөн чанарын тухай алдаатай суурь үзэл баримтлал дээр тулгуурлаж байгаа бөгөөд энэ нь өнөөгийн амьдралын хэв маягийн ихэнх бүтэц болон зан заншилд гүн тархаж бүр нотлогдсон үнэний төвшинд хүрчээ. Эдгээр үзэл баримтлал нь гэрэл гэгээт сэтгэлтэй хүмүүний эрч хүчээ шавхдаг тэрхүү оюун санааны гайхамшигтай нөөцийн сангаас хүртэх боломжийг харгалзахгүй байгаа нь илэрхий, харин ч түүний оронд хүн төрөлхтний гаргаж буй алдаа дутагдал дээр дулдуйдан байр сууриа зөвтгөж байгаа бөгөөд ийм алдаа мадагтай явдлын өдөр тутмын жишээ нь нийтээрээ арга мухардсан байдлыг улам улам өдөөж байгаа юм. Ийнхүү худал хуурмаг ойлголт таамаглалын олон давхар гивлүүр нэгэн суурь үнэнийг халхалжээ: Дэлхий ертөнцийн өнөөгийн нөхцөл байдал хүний оюун санааны амин чухал мөн чанарыг бус түүний гажуудлыг тусгаж байна. Бурханы Тодруулагч бүрийн зорилго нь хүн төрөлхтний гадаад нөхцөл байдал болон дотоод амьдралын аль алинд нь хувьсал өөрчлөлт бий болгоход оршино. Энэ хувьсал өөрчлөлт нь тооны хувьд байнга нэмэгдэж буй олон олон хүмүүс тэнгэрлэг сургаалаар нэгдэн, нийгмийн өөрчлөлтийн үйл явцад хувь нэмрээ оруулах оюун санааны чадавхиа хөгжүүлэхийн төлөө хамтдаа эрмэлзэхийн хэрээр аяндаа харагдаж эхлэх юм. Нэгэн зууны өмнө хайрт Багш хатуу хөрсийг цохин хагалсны адил энэ эрин цаг үед ноёлж буй онолууд нь хэдийгээр анхандаа өөрчлөгдөшгүй мэт санагдавч тэдгээр нь бүдгэрэн арилах нь эргэлзээгүй бөгөөд “Бурханы буян хишгийн хаврын бороо”-гоор ундаалан “жинхэнэ ухаарлын цэцэгс” цоо шинээр, цэвэр ариунаар дэлгэрэн ургах болно.
Бурханы Үг айлдварын хүчээр Түүний Нэн Агуу Алдарын нийгэмлэгийг бүрдүүлж буй та нар жинхэнэ ухаарал дэлбээлэн цэцэглэж чадах тийм орчныг бүрдүүлж байгаад бид Бурханд талархал өргөж байна. Шүтлэгийнхээ төлөө шоронд хоригдож буй тэдгээр анд нөхөд ч хүртэл туйлын их золиослол, үнэнч тууштай чанараараа өрөвчхөн зөөлөн сэтгэлтэй хүмүүсийн зүрхэнд “эрдэм мэдлэг ба мэргэн ухаалаг чанарын хэлгий цэцэгсийг” цэцэглүүлж байгаа билээ. Гариг дэлхий даяар тэмүүлэл дүүрэн сэтгэлтнүүд Таван Жилийн Төлөвлөгөөний зорилтуудыг системтэйгээр хэрэгжүүлэх замаар шинэ ертөнцийг бүтээн босгох ажилд идэвхийлэн оролцож байна. Уг Төлөвлөгөөний онцлог шинжүүдийг нэгэнт сайтар ойлгосон байгаа тул энд түүний талаар дэлгэрүүлэн тайлбарлах шаардлагагүй гэж бид үзлээ. Хамгаас Буян хишигт Зөн билэгтний Босгонд өргөх бидний залбирал мөргөл бол Төлөвлөгөөний ахиц дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулахад тань та нарын хүн тус бүр дээр Дээд тэнгэрийн Чуулган тусламж дэмжлэгээ хүртээхийн төлөө зориулагдаж байна. Өнгөрсөн жилийн туршид та бүхний үнэнч дайчин хүчин чармайлтыг гэрчлэн харснаас бадарсан бидний оргилуун хүсэл тэмүүлэл бол та нар туршлагаараа олж хуримтлуулж буй эрдэм мэдлэгээ бат бөх гишгэлтээр амьдралд хэрэгжүүлэх явдлаа улам эрчимжүүлээсэй гэсэн хүсэл юм. Одоо алхмаа сааруулан тээнэгэлзэх цаг биш ээ, үүрийн шинэ гэгээ туяарсныг анзаараагүй байгаа хүмүүсийн тоо хэтэрхий олон хэвээр байна. Та нараас өөр тэнгэрлэг илгээлтийг хэн дамжуулж чадах билээ? Бурханы Үйл хэргийн талаар Бахаулла ийнхүү айлдсан бус уу: “Бурханы нэрээр өчсү, энэ бол ахуйн ертөнцийн бүхий л хүлээснээс чөлөөлөгдсөн Энэрэлт Бурханы эрэлхэг зоригтой морьтон баатруудаас өөр хэн ч морио давируулан давхиж чадахааргүй, гүн мэдрэмж ба огоорол, зөн хараа ба гэгээрлийн талбар болой.”
Ажилдаа умбасан Бахайн ертөнцийг ажиглахуйд үнэнхүү гэрэл гэгээт бараа дурайна. Бусад хүмүүсийг Бүтээгч Бурхантайгаа холбогдоход мөн хүн төрөлхтөнд үйлчлэх үйлчилгээнд урин дуудахыг юу юунаас ч илүүтэйгээр чин сэтгэлээс хүсэн тэмүүлж байгаа сүсэгтэн хувь хүнээс Эрин цагийн Эзэн тэнгэрээс хүн бүрт зориулан айлтгасан оюун санааны хувьсал өөрчлөлтийн шинж тэмдгийг олж харж болно. Хөгшин залуу ялгаагүй бүх гишүүдийнхээ, мөн анд нөхөд ба хамтран зүтгэгч нарынхаа нийтийн сайн сайхны төлөө үйлчлэх чадавхийг нь хөгжүүлэхэд чиглэгдсэн аливаа Бахайн нийгэмлэгийн үйл ажиллагааг амьдруулж буй тэр дотоод цог жавхаанаас тэнгэрлэг сургаал дээр тулгуурласан нийгэм хэрхэн үүсэн хөгжиж болох талаар харж мэдэрч болно. Мөн Төлөвлөгөөний ерөнхий хүрээний дагуу явагдаж буй үйл ажиллагаа нь өргөжин олширч, үйл ажиллагааны чиглэлүүдийн хоорондын уялдаа зохицолдоог хангах шаардлага хэрэгцээ хурц тулгамдаж байгаа тэдгээр хөгжингүй кластеруудад засаг захиргааны бүтэц зохион байгуулалт улам хувьсан хөгжиж байгаагаас ирээдүйд Шүтлэгийн институциуд хүмүүний сайн сайхан аж байдал ба хөгжил дэвшлийг хөхүүлэн дэмжих өргөн үүрэг хариуцлагаа хэрхэн илүү бүрэн дүүрэн биелүүлэх талаар зэрвэсхэн ч гэсэн төсөөллийг олж авч болох юм. Тиймээс хувь хүн, нийгэмлэг ба институцийн хөгжил нь тун их горьдлого төрүүлж байгаа нь тодорхой байна. Үүгээр үл барам энэ гурвыг хооронд нь холбож буй харилцааны шинж чанар ийм эелдэг зөөлөн хайр ба хамтын тусламж дэмжлэгээр онцгойрч байгааг харахад бид туйлын баяр баясгалантай байна.
Харин огт эсрэгээр, нийт дэлхий ертөнцийн амьдралд гол үүрэг гүйцэтгэгч гурван хүчин болох иргэн, ард түмэн ба нийгмийн институцийн хооронд тогтсон харилцаа нь хүн төрөлхтний шилжилтийн омголон догшин үе шатыг тольдон тусгасан шинж чанартай байна. Нэгэн органик бүхэл биетийн харилцан шүтэлцээтэй бүрэлдэхүүн хэсгүүдийн хувьд хоорондоо харилцахаас татгалзсан энэ гурав эцсийн дүнд үр ашиггүй болох нь нотлогдох эрх мэдлийн төлөөх тэмцэлд умбаж гацаанд оржээ. Абдул-Бахагийн тоо тоймшгүй олон Илгээлт захидал ба айлдвартаа дүрсэлсэн нийгэм үүнээс юутай ялгаатай вэ. Ийм нийгэмд хүмүүсийн хоорондын өдөр тутмын харилцаа холбоо төдийгүй улс гүрнүүдийн хоорондын харилцаа ч хүн төрөлхтний нэг нэгдмэл байдлын тухай ухамсар дээр тогтон бүрэлдэж байдаг билээ. Чухамдаа ийм л ухамсар шингэсэн харилцаа холбоог дэлхий даяар Бахайчууд ба тэдний анд нөхөд хөдөө тосгодод болон хотын бичил хороодод төлөвшүүлэн хөгжүүлж байгаа юм. Тэдгээрээс үнэндээ харилцан хамаарал ба хамтын ажиллагаа, эв зохицолдоо ба хайр ивээлийн ариун нандин анхилуун үнэрийг мэдэрч болно. Ийм энгийн даруухан орчинд л нийгэмд угшсан зөрчил тэмцэлт амьдралын хэв маягийг орлох бодитой альтернатив үүсэн буй болж байна. Энэхүү шинэ харилцааны хэв маяг улам тод томруун болсноор өөрийн байр сууриа хариуцлагатайгаар илэрхийлэхийг хүсч байгаа хувь хүн нийтийн сайн сайхны төлөө чиглэгдсэн зөвлөлдөөнд ухаалгаар оролцож хувийнхаа үзэл бодлоо мугуйдлан тулгах гэсэн оволзох хүслээ даван дийлдэг байна. Эвсэг нэгдмэл үйл ажиллагааг үр өгөөжтэй зорилтонд чиглүүлэх шаардлагыг ухамсарласан Бахайн институци байгууллага нь захиран хянахыг бус харин халамжлан бойжуулах, урамшуулан зоригжуулахыг зорин эрмэлздэг байна. Тэгвэл өөрийн өсөлт хөгжлийг гартаа авсан нийгэмлэг нь институци байгууллагынхаа гаргасан төлөвлөгөөнд чин сэтгэлээсээ оролцох замаар бий болдог эв нэгдлийг өөрийн үнэлж баршгүй хөрөнгө хэмээн үздэг байна. Бахауллагийн Үүдэл нээлтийн үр нөлөөн дор энэ гурвын хоорондын харилцаанд ийнхүү бүлээн дулаан шинэ уур амьсгал, шинэ амьдрал буй болж байгаа агаад улмаар эдгээр нь тэнгэрлэг онгодын хэв дардас агуулсан дэлхийн оюун санааны соёл иргэншил аажмаар дотор нь төлжин бүрэлдэх тийм матриц болж өгч байгаа юм.
Тэнгэрлэг Үүдэл нээлтийн гэрэл гэгээ хүн төрөлхтний хүчин чармайлтын бүхий л салбарыг гийгүүлэх учиртай бөгөөд салбар тус бүрт нийгмийг бүрдүүлж байдаг холбоо харилцаанууд шинэчлэгдэн гарч ирэх ёстой. Дэлхий нийтээрээ хүмүүс бие биедээ хэрхэн хандах ёстойг харуулсан үлгэр жишээг салбар тус бүрээс эрэн хайж байгаа билээ. Сүүлийн үед маш олон хүнийг хамруулсан бужигнаан үүсгэхэд илэрхий нөлөө үзүүлсэн хүн төрөлхтний эдийн засгийн амьдралыг авч үзэхийг бид та бүхэнд санал болгож байна. Тус салбарт шударга бус байдлыг үл тоомсорлон хүлцдэг бөгөөд хэмжээ хязгааргүй ашиг олох явдлыг амжилтын бэлэг тэмдэг гэж үздэг билээ. Иймэрхүү хор хөнөөлт хандлагууд туйлын гүнзгий бугшсан байдаг учраас тус салбарын харилцаа холбоог зохицуулж байдаг түгээмэл хэм хэмжээг ямарваа нэг хүн ганцаараа өөрчилж чадна хэмээн төсөөлөхөд ч туйлын хүнд юм. Гэсэн хэдий ч Бахай хүний зайлсхийж байх ёстой хандлагууд байгаа нь тодорхой бөгөөд эрхэлж буй ажил хэрэгтээ үнэнч шударга бус хандах, бусдыг эдийн засгийн хувьд ашиглан мөлжих зэрэг нь ийнхүү зайлсхийх хандлагын наад захын жишээ юм. Тэнгэрлэг сургаал сануулгыг үнэнчээр сахин мөрдөхийн тулд аливаа хүний эдийн засгийн ажил хэргээ явуулж байгаа байдал болон Бахайн хүний хувьд баримталдаг итгэл үнэмшил нь хоорондоо зөрчилдөөнгүй байхыг шаардана. Шүтлэг дэх шударга ёс, эрх тэгш байдалтай холбоотой зарчмуудыг өөрийн амьдралд хэрэгжүүлэх замаар ганц хүн ч гэсэн дэлхий ертөнцийн ердийн жишгээс хавьгүй өндөр хэм хэмжээг баримталж чадна. Хүн төрөлхтөн хүсэл тэмүүлэл нь болох тийм амьдралын хэв загварыг эрэн хайсаар ядран туйлджээ, харин хүний ертөнцөд итгэл найдвар өгч чадах тийм маягийн нийгэмлэгүүдийг хөгжүүлэн босгоно хэмээн бид та бүхнээс найдан хүлээж байна.
2001 оны Ризваны илгээлтдээ бид хороо хороогоор нэгдэн орох үйл явц хангалттай сайн хөгжин дэвшсэн, үндэсний нийгэмлэгийнх нь нөхцөл байдал таатай байгаа тэдгээр улс орнуудад үндэсний хэмжээний Мөргөлийн Ордон байгуулах явдлыг батлах бөгөөд энэ нь Шүтлэгийн Бүрэлдэн тогтох Үеийн 5 дахь Эриний нэгэн онцлог шинж болно хэмээн онцлон дурдсан билээ. Үлэмжийн баяр хөөртэйгээр бид та бүхэнд одоо зарлах нь: үндэсний Машрикул-Аскарыг хоёр оронд, үүнд Конгогийн Ардчилсан Бүгд Найрамдах Улс ба Папуа Шинэ Гвинейд барьж босгохоор боллоо. Энэ хоёр орон нь бидний тавьсан шалгууруудыг илэрхийгээр хангаж байгаад бөгөөд одоогийн цуврал Төлөвлөгөөний хэрэгжилтээс урган гарсан боломж бололцоог тус орны хүмүүс хүлээн авч ашигласан явдлыг гайхалтай гэхээс өөрөөр илэрхийлэхийн аргагүй билээ. Тивийн чанартай Мөргөлийн Ордонуудын сүүлчийнх нь болох Сантиаго дахь Ордоныг барих ажил ид явагдаж байгаагийн зэрэгцээ үндэсний Мөргөлийн Ордон барих төслүүд ийнхүү санаачлагдан эхэлж байгаа нь Бурханы Шүтлэг нийгмийн хөрсөнд нэвтрэн шингэж байгаагийн бас нэгэн сэтгэл баясгасан баталгаа болж байна.
Гэсэн ч бас нэгэн алхам хийх боломжтой. “Газар дэлхийн хамгаас амин чухал институциудын нэг нь” хэмээн Абдул-Бахагийн тодорхойлсон Машрикул-Аскар нь Бахайн амьдралын нэн чухал, хооронд нь салгаж боломгүй сүсэг бишрэл ба үйлчлэхүй хэмээх хоёр онцлог шинжийг хооронд нь холбож өгдөг юм. Энэ хоёрын нэгдэл нь нийгэмлэгийг бүтээн босгохтой холбоотой Төлөвлөгөөний онцлог шинжүүдийн дунд орших уялдаа шүтэлцээнд, ялангуяа мөргөлийн цуглаануудаар илрэлээ олдог Бурханд сүсэглэн залбирах оюун санаа улам бэхжин дэлгэрч байгаа явдал болон хүн төрөлхтөнд үйлчлэх чадавхийг хөгжүүлдэг боловсролын үйл явцын хооронд оршин байдаг уялдаа холбоонд мөн бас тусгалаа олсон байдаг. Сүсэг бишрэл ба үйлчлэхүй хоёрын хоорондын харилцан хамаарал дэлхий даяар Бахайн нийгэмлэг нь хэмжээ дамжааны хувьд мөн амьд эрч хүчийн хувьд дорвитойгоор өссөн, нийгмийг хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа нь улам тодорхой болж ирсэн тэдгээр кластеруудад онцгойгоор товрон харагдаж байна. Тэдгээрийн зарим нь тухайн бүс нутгийн хүрээнд өсвөр насны залуучуудын хөтөлбөрийг урагшлуулан хөгжүүлэх анд нөхдийн чадварыг тэтгэн дэмжихийн тулд туршлага түгээх суралцахуйн талбарууд хэмээн нэрлэгдсэн юм. Энэхүү хөтөлбөрийг тогтвортойгоор хөгжүүлэх чадавхи нь мөн сургалтын дугуйлангууд болон хүүхдийн хичээлийн хөгжлийг өдөөн тэтгэх эх үүсвэр болж өгдөг хэмээн бид саяхан захидалдаа тэмдэглэсэн билээ. Ийнхүү суралцахуйн талбар нь өөрийн гол зорилгоос гадна өргөжүүлэлт ба бэхжүүлэлтийн системийг бүхэлд нь хүчирхэгжүүлэн бэхжүүлэх нөлөө үзүүлдэг юм. Чухамдаа эдгээр кластеруудад ирэх жилүүдэд орон нутгийн Машрикул-Аскар үүсэн буй болохыг төсөөлөх боломжтой юм. Бидний зүрх сэтгэл Өнө Эртний Гоо жавхланд талархсан сэтгэлээр бялхан, та бүхэнд дараах кластер тус бүрт анхны орон нутгийн Мөргөлийн Ордон барих талаар бид холбогдох Үндэсний Оюун Санааны Чуулгуудтай зөвлөлдөх гэж байгааг баяр бахдалтайгаар дуулгаж байна. Үүнд: Камбож улсын Баттамбанг, Энэтхэгийн Бихаршариф, Кени улсын Матунда Сои, Колумбийн Норте Дел Каука, Вануату улсын Тана.
Үндэсний хоёр, орон нутгийн таван Машрикул-Аскар барьж байгуулах ажлыг дэмжих үүднээс бид Бахайн Дэлхийн Төвд ийм төрлийн бүх төслүүдэд зориулан Мөргөлийн Ордоны Санг байгуулахаар шийдлээ. Хаа газрын анд нөхдийг өөрсдийн боломж бололцоогоор энэхүү санд золиослонгуйгаар хандив өргөхийг урьж байна.
Эрхэм хайрт хамтран зүтгэгч нар аа. Зуун жилийн өмнө Абдул-Баха Өөрийн мутраар хөндсөн газрын хөрс дахин долоон улс оронд хөндөгдөх гэж байгаа нь хот тосгон бүрт Бахауллагийн зарлигийн дагуу Эзэн Тэнгэртээ сүсэглэн бишрэхэд зориулагдсан барилга сүндэрлэн босох тэр өдөр ирэхийн дохиолол болж байна. Бурханы Магтуу дуурсагдан Мандах Цэг болох эдгээр орднуудаас Түүний гэрэл гэгээний туяа гялалзан цацарч, Түүний магтууны сүлд дуулал цуурайтах болно.
- The Universal House of Justice